Хүмүүс

80 дөхөж яваа жүжигчин А.Цэгмэд нас бол тоо гэдгийг харуулж явна

Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч яваа ахмад жүжигчин бол МУГЖ А.Цэгмэд билээ. Тэр тоглосон уран бүтээлээрээ үзэгчдийн хайр энэрэлийг татаж чаддаг нэгэн юм..

Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” кинонд тоглосон билээ. Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг яахын аргагүй мөн.

Тэрбээр, Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй, Их замын тоос, Нийслэл хүүхэн зэрэг олон уран сайхны кинонууд болон Ану хатан, Улаан дөрвөлжин, Хунгийн сүүлчийн дуу гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Залуудаа спортоор хичээллэдэг байсных уу 70 гарч яваа жүжигчин маань нас бол тоо гэдгийг харуулсаар явна.

Түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

-Төрсөн нутаг, бага нас, ээж, аавын­хаа талаархи дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Завхан аймгийн Завханмандал сумын нутаг Хүнгүйн голын эрэг, Нуга гэдэг газар төрсөн хүн дээ, би. Миний ээж б.урхны оронд заларсан. Ээжийгээ би 87 нас хүртэл нь асарч, халамжиллаа. Ээждээ зориулаад одоогийн алдартай дуучдын дуулсан “Ээжийнхээ ачийг яанам бэ” гэдэг дууг өөрөө дуулж, дүү нартайгаа хамтраад клип хийлгэсэн.Саяхан би Унгарт байхдаа тэр клипээ үзээд сууж байтал ээж минь дээлтэйгээ овоо тойроод явж байгааг гэнэт хараад их цочирдсон.Үүнээс болоод сэтгэлээ онгойтол нэг өдөр уйлсан. Учир нь тавдугаар сард ээжийгээ үдчихээд сарын дараа Унгар руу явсан болохоор тэр хооронд мартагнасан байсан шүү.

-Таныг багаасаа спорт, тэр дундаа хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж байсан шаггүй тамирчин гэж сонссон юм байна?

-Би 4, 5 настай байхдаа л бие маань чилээд, хөлөө толгой дээгүүрээ давуулмаар ч юм шиг, элдэвлэдэг байлаа. Малаа хариу­лаад талд явж байгаа хүн чинь юу эсийг хийх вэ. Би одоо санадаг юм.Ер нь л бага байхдаа их олби оготно шиг хүүхэд байсан байгаа юм.1954 онд улсын циркийн уран нугараач Мажигсүрэн тэргүүтэй урлагийн бригад манай суманд ирж тоглох үед уран нугарч буй хүнийг анх удаа нүдээрээ харж, ингэж болдог юм байна гэж санаа аваад энд тэнд нуугдаад л “нугардаг” байлаа.

Тэгэхэд эмээ, ээж хоёр маань намайг “Энэ их хачин, босоо о.роолон шиг хүүхэд” гээд, ийм юм хийж болохгүй, босоо о.роолон л ийм зүйл хийдэг юм” гээд их хорьдог байсан юм.Тэр битгий хэл миний ээжийг алс хол сургуульд явъя гэхэд нь “Оросууд ачаад явчихаар ээж, аавыгаа чи хэзээ ч үзэхгүй” гээд авч үлдээд, малчин болгочихсон юм шүү дээ. Тэгээд 1955 онд аймгийн I арван жилийн босгыг алхаж байлаа. “Гарын таван хуруу”-ны Шагдарт тоглодог Лхасүрэн манай ангийн дарга байлаа.

-Бүх юманд л орж явдаг их сэргэлэн хүүхэд байжээ?

-Ер нь л бага байхдаа их олби оготно шиг хүүхэд байсан байгаа юм. Нэг дурсамж хуваалцахад, манай сургууль Зэлтэрийн сангийн аж ахуй руу сурагчдаа явуулдаг юм байна. Би тэгэхэд нэг жаахан биетэй хүүхэд байсан болохоор тогооч болгочихдог юм байна. Тэгсэн хоолоо хийж чаддаггүй, холион бантан хутгалаа гээд бухал хийгчээр томилов оо.Бухал хийгч хийсэн чинь бээлий байхгүй, хамаг гар хуруу нь сөрөөд хагараад, хөх түрүүнд хазуулаад халуураад хөгийн амьтан байж байхад миний ээж дугтуй дотор 25 төгрөг хийгээд, шуудангаар явуулсан байдаг юм.

Тэгсэн бараг сарын дараа Зэлтэрийн сангийн аж ахуйн төв дээр бүх бригадууд цуглаж, спартикиад болдог юм байна. Тэнд очоод уртын харайлт, өндрийн харайлтад түрүүлээд гурав, таван төгрөгөөр шагнуулчихаад найз нараа дайлж байсан чинь ээжийн минь явуулсан мөнгөтэй захиа маань ирж, баяжиж байлаа шүү дээ.Ингэж явсаар Гимнастикийн шигшээ багт орж, спортын мастер болох замналаа тавьсан даа. Манай сургуулийн гурван охин энэ шигшээд орсны нэг нь би байсан юм. Бидний багш, дэслэгч Дэмбэрэл гэдэг хүн “Алдар” нийгэмлэгийн зааланд анх III, II зэргээр хичээллүүлээд, манай нийгэмлэг дандаа алтан медалийг авдаг байлаа.Тэгээд I зэрэг авахын өмнө “Алдар” нийгэмлэгийн алт аваад байгаа хүүхдүүдийг СТО-ны дэргэдэх шигшээ багийн дасгалжуулагч Норов багш онилоод, хичээлийнхээ хажуугаар улсын шигшээ багийн II баг буюу I багийн тамирчин ямар нэг байдлаар тэмцээнд оролцох боломжгүй үед нөхөх бэлтгэл тамирчинаар авлаа гэсэн юм. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийгээд, сард 150 төгрөгийн цалин авдаг боллоо. Би тэр үед ухаан алдатлаа баярлаж байсан даа.

-Шигшээ багийн тамирчин болчихоор улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох хэрэг гарна биз?

-Тухайн үед манайд гимнастикийн спорт дөнгөж эхэлж байсан болохоор манай улс 50 гаруй улсын дараа жагсдаг байлаа. Миний багш тэр суурь үндсийг тавьж өгсөн хүн байгаа юм. Бид Унгарт болсон нөхөрлөлийн тэмцээнд явахынхаа өмнө бэртээд, тэр үед хянагчаар явсан юм. Тэр үед тэмцээний бэлтгэлд явж байхдаа хүүхдүүдийнхээ аавтай танилцаж, тэр маань намайг мотоциклиороо хүргэж өгөх гэж яваад осолд ороод бэртчихсэн юм. Тэгээд багшдаа их загнуулсан.Тэгээд Унгарын тэмцээнээс буцаж ирээд, Мексикийн олимпийн бэлтгэлд гарч, долоон эмэгтэй тамирчин бэлтгэлээ хийж эхэлсэн.

Тэгсэн чинь би бэртэлтэй учраас надад нэг сарын амралт өглөө. Биднийг амрах үед маш нарийн шаардлага тавьдаг байсан юм. Гэтэл би тэр шаардлагыг зөрчиж, сахилга алдан хөл хүнд болчихсон.Ингээд жирэмсэн хүн яаж олимпод оролцох вэ, багш, багийн тамирчдаасаа тас нуугаад л яг л хулгай хийсэн хүн шиг зугтаж байсан. Одоо бодоход ичиж үхмээр явдал шүү. Яг тэр үед Р.Доржпалам найруулагч намайг “Өндөр ээж” киноны бага эмчийн дүрд тоглуулахаар сонгосон нь их завшаан болсон доо.

Ярилцсанд баярлалаа

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!